“МОНГОЛ УЛС – БНСУ-ЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН БЭХЖИЖ БАЙНА”
Монгол-Солонгосын политехник коллежийн төлөөлөгчид 2026 оны 03 дугаар сарын 05–06-ны өдрүүдэд БНСУ-ын Чонжү хотын Пижон их сургуульд албан айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр талууд мэргэжлийн болон техникийн боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шатлан суралцах тогтолцоог бэхжүүлэх, оюутан, багшийн солилцоог идэвхжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Ялангуяа тэтгэлэгт хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын олон улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцсэн нь онцлог байлаа.
Мөн талууд 100 хувийн тэтгэлгээр “Сэргээгдэх эрчим хүч”-ний чиглэлээр суралцаж буй Монгол оюутнуудын сургалтын явц, үр дүнтэй танилцаж, цаашдын дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлов. Энэхүү чиглэл нь Сэргээгдэх эрчим хүчний салбарт хүний нөөц бэлтгэхэд стратегийн ач холбогдолтой болохыг хоёр тал онцлон тэмдэглэв.
Түүнчлэн боловсрол, хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах зорилгоор 2026 оны 07 дугаар сард Пижон их сургуулийн багш, ажилтны өргөн бүрэлдэхүүнтэй 30 орчим төлөөлөгчдийг Монгол Улсад хүлээн авч, хамтарсан хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, институц хоорондын түншлэлийг бэхжүүлэхээр тохиролцов.
Тус уулзалт нь мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын түншлэлийг өргөжүүлэх, мэдлэг, технологийн солилцоог эрчимжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах чухал алхам боллоо.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ БАТЖИХ БОЛТУГАЙ.



Тухай орчин, чанартай мэргэжлийн боловсрол